Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМЫН ЖУРАМ

2016-06-03

Нэг.  Нийтлэг үндэслэл

1.1.  Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны чиглэл, бодлого, шийдвэр, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудад иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, иргэдийн санал бодлыг Нутгийн захиргааны байгууллагын удирдлага сонсох, дүүрэгт тулгамдаж буй аливаа асуудлаар нээлттэй хэлэлцэх зорилгоор дүүргийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан Иргэний танхим (цаашид Дүүргийн “Иргэний танхим” гэх)-ын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Зорилго, үйл ажиллагааны зарчим

2.1.  Дүүргийн Иргэний танхимын зорилго нь Нутгын захиргааны байгууллагын үйл ажиллагаа бодлого шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас гаргах санал, санаачлагыг хүлээн авах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлж, Нутгийн удирдлагын байгууллагын төгөлдөршүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх явдал юм.
2.2.     Дүүргийн Иргэний танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн, шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана. Төсөлд өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа  иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт үндэслэнэ.
2.3.    Дүүргийн Иргэний танхимын Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол тавихгүй байх зарчим үйлчилнэ.
2.4.    Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагаанд төрийн болон олон нийтийн байгууллага, дүүргийн иргэн бүр оролцох эрхтэй байна.

Гурав. Дүүргийн иргэний танхимын үйл ажиллагаа

3.1.    Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг, эрх зүйн сургалт сурталчилгаа байна. Нээлттэй хэлэлцүүлэг нь оролцогч тал, асуудал хэлэлцүүлэгч тал, болон зохион байгуулагчаас тус тус бүрдэнэ.
3.2.    Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч нь Дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, бусад байгууллагын төлөөлөл байна. Хэлэлцүүлэгтэй холбогдолтой асуудлаар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжийн төлөөллийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцуулж болно.
3.3.    Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал хэлэлцүүлэгч нь Нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Ажлын хороо буюу ажлын хэсэг байна. Асуудал хэлэлцүүлэгч тал буюу тэдгээрийн ахлагч нь тухайн асуудлаар явагдаж буй нээлттэй хэлэлцүүлгийн даргалагч байна.
3.4.    Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагааг зохион байгуулагч нь Хурлын ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх) байна. Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал, мэдээлэл хүлээж авах, хэлэлцүүлгийг зохион байгуулах, хэвлэл мэдээллээр сурталчлах, саналыг цуглуулах, ангилж бэлтгэх, асуудал хэлэлцүүлэгч талын тайлан мэдээлэл бэлтгэх, эрх зүйн сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
3.5.    Нээлттэй хэлэлцүүлгийг тухайн асуудалтай холбоотойгоор Дүүргийн Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
3.6.    Дүүргийн Иргэний танхимын ажиллах бүтэц, зохион байгуулалтыг Хурлын Тэргүүлэгчид батлана.

Дөрөв. Хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах

4.1.    Нээлттэй хэлэлцүүлгийг хэлэлцүүлэгч нь хэлэлцэх асуудлын төсөл, түүний товч агуулга, үндэслэлийн танилцуулгыг ажлын 10 хоногийн өмнө Ажлын албанд хүлээлгэн өгнө.
4.2.    Иргэний танхимд хэлэлцэх төслийн анхны эх, хэлэлцүүлэг болох он, сар, өдөр, байр, цаг, үргэлжлэх хугацаа, иргэдийн санал хүлээж авах хаяг, электрон шуудан, лавлагаа авах, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягийг дурдсан албан ёсны зарыг нээлттэй хэлэлцүүлэг болохоос ажлын 4 хоногийн өмнө орон нутгийн телевизээр болон хороодоор дамжуулан Ажлын албанаас зарлана.

Тав. Санал өгөх хэлбэр

5.1.    Хэлэлцүүлэгт оролцогч нь нээлттэй хэлэлцүүлэн зарлагдсан асуудлаар дараах хэлбэрээр санал, байр сууриа илэрхийлж болно. Үүнд:
    5.1.1. “Нийслэлийн Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимд” гэж хаягласан захидлаар;
    5.1.2.  Нээлттэй хэлэлцүүлэгт биечлэн ирж оролцох;
5.2.    Дүүргийн Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт өөрийн санал, байр суурийг томъёолоход хангалтгүй мэдээлэлтэй байна гэж үзвэл иргэд нээлттэй хэлэлцүүлэг болохоос  өмнө төсөл боловсруулагч нарт хандан асуулт тавьж, хариулт авч болно.
5.3.    Ажлын алба ирсэн саналыг нэгтгэж, санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Танхимын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол уг ажлын хэсэг өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.

Зургаа. Хэлэлцүүлэгт оролцох дараалал

6.1.    Ажлын алба нь хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг хүсэгчдийн дарааллыг тогтоох зорилгоор хэлэлцүүлэг болохоос ажлын 3 хоногийн өмнөх өдөр ажлын 8 цагийн турш Иргэний танхимд утсаар, болон бусад хэлбэрээр иргэдийн нэрсийг хүлээн авч бүртгүүлсэн цагийн дарааллаар жагсаана.
6.2.    Ажлын алба нь бүртгэгдсэн нэрсийг хэлэлцүүлэг эхлэхээс 2 хоногийн өмнө нээлттэй хэлэлцүүлэг даргалагчид танилцуулж, хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцох хүмүүсийн нэрсийг хүлээн авна. Бүртгүүлсэн болон урилгаар оролцох нэрсийг хэлэлцүүлэг эхлэхээс 1 хоногийн өмнө эцэслэн гаргана.
6.3.    Нээлттэй хэлэлцүүлэг даргалагч нь оролцогчдын нэрсийн жагсаалт гармагц дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж нээлттэй хэлэлцүүлэг болохоос нэг хоногийн өмнө оролцогч нэг бүрт мэдээллэнэ. Үүнд:
    6.3.1. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүлсэн болон уригдсан хүмүүсийн нийт тоо Хурлын танхимын урилгаар оролцогчдын суудлын тооноос илүүгүй тохиолдолд нээлттэй хэлэлцүүлгийг энэхүү журмын дагуу зарласан цагт эхлүүлнэ.
    6.3.2. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан хүний тоо, байрны багтаамжаас хэтэрсэн тохиолдолд шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийг хэд хэдэн ээлжээр хийх буюу эсвэл өөр байранд хийнэ.
6.4.    Нэг байгууллагаас иргэд олноороо бүртгэгдсэн тохиолдолд дундаасаа төлөөлөл сонгож хэлэлцүүлэгт оролцуулж болно.
6.5.    Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээллээр хувь нэмэр оруулж чадах төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, гадаадын байгууллагын төлөөлөгчийг урилгаар оролцуулж болно.

Долоо. Нээлттэй хэлэлцүүлгийн бэлтгэл хангах

7.1.    Нээлттэй хэлэлцүүлгийн танхимыг бэлтгэх, хэлэлцүүлгийн үеийн протокол хөтлөх, хэлэлцүүлгийн дэг алдуулагчийг танхимаас гаргах, хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллээр дамжуулах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж оролцуулах ажлыг Ажлын алба хариуцна.
7.2.    Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр аудио болон видео материал үзүүлж, сонсгох, зураг, үзүүлэн таниулах материал байрлуулах, дэлгэцээр материал үзүүлж танилцуулах оролцогчдын материалыг нээлттэй хэлэлцүүлэг эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө Ажлын албанд хүлээлгэн өгч техникийн бэлтгэл хангуулна.
7.3.    Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг шаардлагатай тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хэлэлцүүлэгт сэтгүүлч, сурвалжлагч, ажиглагч нарыг нэвтрүүлэх, тэдний суух байрлал хуваарилах зэрэг бэлтгэл ажлыг нээлттэй хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хийж гүйцэтгэнэ.
7.4.    Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийг угтан авч, хэлэлцүүлгийн үеэр үг хэлэх дарааллыг тогтооход хэрэглэгдэх жагсаалт, бүртгэлийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчийн гаргасан маягтын дагуу хийж гүйцэтгэнэ.

Найм. Нээлттэй хэлэлцүүлгийн дэг

8.1.    Нээлттэй хэлэлцүүлэгт оруулж буй төслийн нэр, хэлэлцүүлэг зарласан огноо, хэлэлцүүлгийн танхимын  зочдын тоо, хэлэлцүүлэгт асуудал хэлэлцүүлж буй төсөл боловсруулагч багийг Ажлын албаны ажилтан сонсгон танилцуулж нээлттэй хэлэлцүүлгийг даргалагч хэлэлцүүлгийг нээнэ. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцож буй бусад албаны хүмүүсийг танилцуулна.
8.2.    Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын нарийн төвөгтэй байдлыг харгалзан хэлэлцүүлгийн нийт хугацаа, нэг оролцогчийн үг хэлэх хугацааг тус тус тогтооно. Нэг хүний үг хэлэх хугацаа 3-5 минут байна.
8.3.    Хөгжлийн болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс хэлэх үгээ А-4 хэмжээний нэг хуудсанд багтаан урьдчилан бэлтгэж ирнэ. Иргэний танхимын ажлын албаны нэг ажилтан түүний хэлэх үгийг хэлэлцүүлэгт уншган сонсгоно.
8.4.    Төсөл боловсруулсан багийн гишүүн оролцогчдод төслийг танилцуулна.
8.5.    Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтооно. Ингэхдээ энэ журмын 7.4. дэх заалтын дагуу бүртгүүлсэн нэрсийн дарааллыг үндэслэн дараах дэс дарааллыг давхар баримтлан индэрт урина.
    8.5.1. Бүртгэгдсэн дарааллын дагуу оролцогч үг хэлэх;
    8.5.2. Хэлэлцүүлэгт урилгаар оролцсон хүмүүс үг хэлэх;
    8.5.3. Хөндлөнгийн ажиглагч, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын холбогдох албаны хүмүүс үг хэлэх;
8.6.    Ажлын хэсгийн гишүүд (асуудал хэлэлцүүлэгч тал) оролцогчдоос асуулт асууж, хариулт авч болно.
8.7.    Ажлын хэсгийн гишүүд (асуудал хэлэлцүүлэгч тал) санал дүгнэлт хэлнэ.
8.8.    Хэлэлцүүлгийг даргалагч хааж үг хэлнэ.
8.9.    Хэлэлцүүлэгт оролцогч бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг нь таслах зэрэг бусдын үгээ чөлөөтэй хэлэхэд нь саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг даргалагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлбэл Ажлын алба оролцогчийг танхимаас гаргана.

Ес. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах

9.1. Дүүргийн Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн бүх хэлбэрээр санал авч дууссаны дараа төсөл боловсруулсан багийнхан төслийн эхийг 14 хоногт багтаан боловсруулж Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулна.
9.2.    Төсөл тодорхой шийдвэр болон гарснаас хойш 14 хоногт багтаан түүнийг Ажлын албанд ирүүлсэн санал, шийдвэрт хэрхэн туссаныг тайлбарласан тайлбар бүхий хавсралттайгаар Орон нутгийн телевизээр болон холбогдох вэб сайтад байрлуулна.
9.3.    Энэхүү журам нь хүн бүрийн саналыг хурлын шийдвэрт заавал тусгах үндэслэл болохгүй. Харин хурлаас тухайн асуудлаар шийдвэр гаргахаас өмнө иргэд байр суурь, дэвшүүлсэн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж бий болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Арав. Бусад зүйл

10.1.        Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг онцгой шаардлагын улмаас Нээлттэй хэлэлцүүлгийг Хурлын дарга хойшлуулах буюу цуцалж болно. Хойшлогдсон хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай зарыг анх зарласан журмаар олон нийтэд мэдээллэнэ.
10.2.        Нээлттэй хэлэлцүүлэг Монгол хэл дээр явагдана.






 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%